Монгол Улс дахь барилгын салбарын хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа
ЭН АР СИ СИ компанийн судалгааны баг “Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийн судалгаа"-г 2024 оны 8 сараас 2025 оны 6 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны танилцуулга, хэлэлцүүлгийг 2025 оны 6-р сарын 16-ны Даваа гарагт Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, холбогдох яамд, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагуудын 30 орчим төлөөлөгчид биечлэн болон цахимаар оролцлоо.
Судалгааны үр дүнгийн танилцуулга, Эн Ар Си Си ХХК Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг
Монгол Улс 2005 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Албадан хөдөлмөрийн тухай 29, 105-р конвенцыг соёрхон баталсан. Үндэсний хууль тогтоомжоо эдгээр конвенцод нийцүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. ОУХБ конвенцын хэрэгжилтэд төрөл бүрийн дэмжлэг үзүүлж байна. Үүнд:
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ) ОУХБ-ын дэмжлэгтэйгээр 2022 оны Ажиллах хүчний судалгаанд шинэ модуль нэмж туршилтын судалгаа хийсэн.
Монгол Улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа, 2023
Судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үндэсний хэлэлцүүлгийг ОУХБ 2024 оны 3-р сард зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгээр барилгын салбарын албадан хөдөлмөр эрхлэлтийг анхаарах гол чиглэл хэмээн тодорхойлсон.
29 дүгээр конвенцод нийцэж байгаа эсэхийг үнэлэх зорилгоор Монгол Улсын барилгын салбарт хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа хийхийг ОУХБ дэмжсэн.
Уг судалгаанд тоон болон чанарын арга зүйг хослуулсан холимог арга зүй ашигласан бөгөөд салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар иж бүрэн ойлголт авах зорилготой.
Бодлогын хэлэлцүүлгийг ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа чиглүүлэн зохион байгууллаа
Судалгааны үр дүнгийн танилцуулгын өмнө ОУХБ-ын Бодлогын судалгааны ажилтан Мария Габриелла Бреглиа “Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол улсад хийсэн судалгааны тойм, Барилгын салбарын хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хийх болсон шалтгаан“-ыг танилцуулсан.
Түүнчлэн, барилгын салбарын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр авч байгаа, авах арга хэмжээний талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнийг ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа чиглүүлэв.