КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн зарим бодлогыг үнэлэх нь

Зүүн Финландын Их сургуулийн судлаачид, Доктор. Д.Жавхланбаяр, Доктор. Б.Энхжаргал болон Профессор Jussi Kauhanen нар КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад авч хэрэгжүүлсэн эрүүл мэндийн зарим бодлого хэр оновчтой байсан тухай хийсэн судалгааны ажлууд нь The Lancet Regional Health – Western Pacific, Asia Pacific Journal of Public Health сэтгүүлүүдэд 2021, 2022 онд тус тус хэвлэгдсэн байна.

Тэд эхний судалгааны ажилдаа “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ нь үр ашиггүй, дизайны хувьд оновчгүй хэрэгжсэн болохыг хэд хэдэн үндэслэл гарган тайлбарлажээ. Хоёрдох судалгаандаа КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ Монгол Улсад амжилттай хэрэгжсэн хэдий ч үүнд найдан хөл хориог хэт эрт цуцалсан нь хүүхдийн эрхийг зөрчих, олон нийтийн итгэлийг сулруулах болон нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болгосон хэмээн дүгнэжээ.

КОВИД-19 цар тахлын дэгдэлтийг бууруулах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд буюу Цагаан сарын баярын үеэр Засгийн газраас хөл хорио тогтоож, улмаар энэ хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Судлаач Жавхланбаяр болон бусад судлаачид дор дурдсан шалтгаануудад үндэслэн  уг арга хэмжээ үр ашиггүй, оновчгүй хэрэгжсэн гэж үзжээ. Үүнд:

  • Масс шинжилгээ нь тухайн нэг агшингийн КОВИД-19-н зураглалыг харуулах боломжтой. 2021 оны 2 дугаар сарын 9-ний байдлаар Улаанбаатарт КОВИД-19 халдварын шинэ тохиолдол өдөрт дунджаар 41 байсан бөгөөд нас баралт байхгүй байсан. Ийм үед нийтийг хамарсан тест хийх нь шаардлага бага байв. Мөн олон нийт хэт эрт тайвшрах, хуурамч аюулгүй байдал мэдрэх нөхцөл үүсгэсэн байж болох юм. Мөн түүнчлэн, тухайн үед КОВИД-19 халдвартай бүх өвчтөнийг хүнд, хөнгөн эсэхээс үл хамааруулан эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байсан бөгөөд ихэнх халдваруудыг мөшгөх боломжтой байжээ. Харин 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 18.4 тэрбум төгрөг зарцуулж хэрэгжсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүнд 131 (үүнээс 59 шинэ халдвар) тохиолдол илрүүлсэн болохыг Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Энэ нь уг арга хэмжээ хэр үр ашиггүй байсныг харуулж байна. Улмаар уг арга хэмжээ дөнгөж дууссаны дараа халдварын тохиолдол огцом өссөн (Зураг).

Улаанбаатар хот дахь КОВИД-19 халдварын шинэ тохиолдлууд - өдрөөр. Эх сурвалж: Коронавирусын (КОВИД-19) нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны мэдээ, 2021 он.

  • “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ дизайны хувьд оновчгүй хэрэгжсэн. Ам бүлийн тоо болон бүтцийг үл харгалзан шинжилгээг хийсэн нь тухайн өрхийг төлөөлж шинжилгээ өгсөн хүн гэр бүлийнхээ халдварын нөхцөл байдлыг бүрэн төлөөлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ийм нөхцөл үүсгэхгүйн тулд нэг өрхийг төлөөлж шинжилгээ өгөх хүнд илүү нарийн шалгуур тогтоох шаардлагатай байсан. Гэтэл “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд ийм шалгуур тавиагүйн улмаас өрхийн эрэгтэй, халдвар авах эрсдэл багатай гишүүд илүүтэй хамрагдах хандлагатай байсан. Үүний улмаас жинхэнэ халдвар авсан хүмүүсийг гээснээр цар тахлын халдварын бодит байдлыг гажуудуулж үнэлэх нөхцөл үүсгэсэн гэж судлаачид дүгнэжээ.  

    Мөн энэхүү арга хэмжээ хэрэгжих үед гэр бүлийн гишүүд КОВИД-19 халдварыг бие биедээ халдварлуулах түвшин 4.6%-49.5% байсан бөгөөд өндөр настай гишүүд болон хосууд гэр бүл дотроо халдвар авах магадлал нь өндөр байгаа тухай судалгааны үр дүнгүүд гарсан байжээ. Тиймээс уг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эдгээр судалгааны үр дүнд үндэслэн илүү оновчтой байдлаар хэрэгжүүлэх боломжтой байсан гэсэн үг.

  •  “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачааллыг хэт нэмэгдүүлснээр ажлаас халшрах болон КОВИД-19 вирусын халдвар авах эрсдлийг нь өсгөсөн.

  • Их хэмжээний нөөцийг үр ашиггүй зарцуулсан нь хожим КОВИД19-н халдвар огцом ихсэх үед нөөцийн хомсдол үүсгэх эрсдэлтэй.

Цаашид КОВИД-19 цар тахалтай тэмцэхдээ “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээгээ эргэн харж үнэлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардал-үр ашгийн шинжилгээг хийж байхыг судлаачид зөвлөсөн байна. Судалгааны баг 2022 онд хэвлүүлсэн ажилдаа 2021 онд Монголд хөл хорио, зарим хөдөлгөөний хязгаарлалтуудыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулахгүй, сулруулж байсан нь 2021 оны 3 сараас хэрэгжүүлсэн вакцинжуулалтын үр нөлөөг бууруулсан гэж үзжээ.      

Судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, судлаач Д.Жавхланбаяраас тус судалгаатай холбоотой сонирхсон асуултаа асуухыг хүсвэл 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн18.00 цагт болох Эн Ар Си Си судалгааны семинарт оролцох боломжтой. Семинарын тухай мэдээллийг энд дарж харна уу.

 Нийтлэлд дурдсан судалгааны ажлуудын дэлгэрэнгүй хувилбар нь:

Mass testing for COVID-19 in Ulaanbaatar, Mongolia: “One door-one test“ approach

Early lift of restrictions in Mongolia during COVID-19 pandemic: Child rights, public trust, and social inequaity

Зүүн Финландын Их Сургуулийн Нийтийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн багш, дэд профессор  Д.Жавхланбаярын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2023 оны 3-р улирал

Next
Next

Бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг ашиглан хугацаан цувааг таамаглах