Б.Соёлмаа нь 2014 оноос ЭН АР СИ СИ компанид судлаачаар ажиллаж байгаад 2021 оноос ахлах судлаачаар ажиллаж байна. Өмнө нь 2010-2021 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд дэд профессороор, 2002-2003 онд Дэлхийн Банкны санхүүжилттэйгээр Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлж байсан Тогтвортой амьжиргаа төсөлд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан.

Тэрээр макро эдийн засаг, орлого хуваарилалт, бодлого хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн туршлагатай. Мэргэжил олгох сургалтын залуучуудын ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөллийн судалгааны үр дүн нь эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүл болох World Bank Economic Review-д хэвлэгдсэн. Тэрээр 2017-2019 онд Эдийн засаг: Онол, Практик сэтгүүлийн дэд редактораар ажиллаж, тус сэтгүүлийг мэргэжлийн хянан магадлагаа хийдэг болгосон.

Эрдэм шинжилгээний төслийн хувьд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр “Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дотоодын төсөл, Канад Улсын Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Мэргэжил олгох болон давтан сургалтын залуучуудын ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” болон ”Улсын цэцэрлэгийн үйлчилгээний эхийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” зэрэг төслүүдэд судлаачаар ажилласан.

Эрдэм шинжилгээний судалгаа хийхээс гадна олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын судалгааны төслүүд дээр зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны НҮБХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Макро эдийн засгийн Т21 загварын үндэсний багийн судлаач, Санхүүгийн зохицуулах хорооны  Монгол Улс дахь санхүүгийн хүртээмжтай байдал дахь хүйсийн ялгаа, Санхүүгийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн талаарх хэрэглэгчийн итгэл судалгааны төслүүдэд судлаачаар ажилласан.

Б.Соёлмаа нь Английн Манчестерын их сургуулиас Эдийн засгийн ухааны магистр болон докторын зэргээ, МУИС-иас бакалаврын зэргээ тус тус хүртсэн.