ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 3-Р УЛИРАЛ

Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2021 оны 3-р улиралд жилийн өмнөхөөс буурчээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 7 пунктээр доогуур, харин өмнөх улиралтай адил түвшинд байна. 3-р улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулан авч үзье.

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 61-ээс 76 болж эрс өсчээ. Харин хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 83-аас 81 болж буурчээ. 

3-р улиралд хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж дээшилсэн ч ирэх 6 сарын эдийн засгийн төлөв байдлын талаар гутранги байна. КОВИД-19 цар тахал Монголд хурдацтай тархаж байгаагаас хэрэглэгчдийн гутранги байдал нэмэгдэж байна.

Тайлбар: ХИИ болон түүний бүрэлдэхүүн индексүүдийг улирлын нөлөөгөөр засварлаж, 2018 оны индекстэй харьцуулж тооцсон (Индекс 2018=100).

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Хэрэглэгчдийн бизнесийн нөхцлийн талаарх үнэлэмж сайжирсан. 5.5 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулсан нь 2.8 пунктээр өндөр байна. 57.8 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан бөгөөд энэ нь 8.3 пунктээр бага байна. Хэрэглэгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ сайжирсан. 24.8 хувь нь ажлын олдоц “элбэг” гэж хариулсан нь өмнөх улирлаас 1.7 пунктээр өндөр байгаа бол 35.8 хувь нь ажил олоход “хэцүү” гэж хариулсан нь өмнөх улирлаас 9.4 пунктээр бага байна.

Одоогоос 6 сарын дараах ирээдүйн хүлээлт

Хэрэглэгчдийн ойрын ирээдүйн эдийн засгийн байдлын талаарх хүлээлт холимог байна. Хэрэглэгчдийн 14.2 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “сайн” байна гэж үзсэн нь өмнөх улирлаас 4.4 пунктээр, 22.4 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “муу” байна үзэж байгаа нь өмнөх улирлаас 8.6 пунктээр бага байна. Хэрэглэгчдийн 13.5 хувь нь ажлын олдоц сайжирна гэж үзсэн нь 0.9 пунктээр бага байгаа бол 16.2 хувь нь муудна гэж үзсэн нь 12.9 пунктээр бага байна. Хэрэглэгчдийн 15.2 хувь нь орлого өснө гэж үзсэн нь 5.3 пунктээр бага, 13.9 хувь нь орлого буурна гэж үзсэн нь 3.5 пунктээр бага байна.

Previous
Previous

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 4-Р УЛИРАЛ

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 2-р улирал